Ээмэг, бөгж, бугуйвч
Аль альныг нь зүүгээгүй гэдгээ саналаа
Чамайг ширтэх зуур л...
Monday, July 13, 2015
гэртээ нуугдаж тоглох шиг
гэнэн байна даа бид хоёр
би авдарны ард байна
харин чи хаана байна
нэг, хоёр, гурав......арав
Болчихлоо шүү дээ
хэн нь хэнийгээ олох вэ
хэр удаж байж ирэх вэ
арав, ес, найм.........
Би гарлаа.
Дөрвөн сарын гацуурын үнэр шиг дурлал минь..........
нүдээ хичнээн их аньж нээсэн ч
нүүрэн дээр унах гээд байгаа юм шиг
тэр саарал тэнгэрийг ээ
тэр өнгийг ээ
энэ их айдсыг
энэ их ганцаардлыг ээ ..........
нүүрэн дээр унах гээд байгаа юм шиг
тэр саарал тэнгэрийг ээ
тэр өнгийг ээ
энэ их айдсыг
энэ их ганцаардлыг ээ ..........
Monday, April 27, 2015
Уй гунигийн тухайд Мишель дө Монтень Сонгомол эсээнүүд
Би хувьдаа энэ мэдрэмжинд хавьгүй бага автдаг хүн. Хэдийгээр бүхий л ертөнц
хэлэлцсэн юм шиг гуньж гашуудахад онцгой ач холбогдол өгдөг, түүнийг бүр ухаан
мэргэнтэй холбоцгоодог ч, би түүнд дургүй, төдийлөн сүйдтэйд тооцдоггүй.Буян,
өрөвч нинжин сэтгэл гэдэг тийм ч аятайхан чимэг биш. Энэ үгээр өөдгүй муу гэсэн
утгыг илэрхийлснээрээ италичууд илүү оновчтой шийд гаргажээ. Энэ чинь ямагт хор
хөнөөл тарьдаг, эрүүл саруул сэтгэлгээнээс гадуур,дорд өчүүхэн мэдрэмж шүү дээ.
Ганцаардлын тухай яриа
Г.Аюурзанын "Дурлалгүй ертөнцийн блюз"-ын есөн эсээ бодрол , эргэцүүлэл хэсэгт багтсан Ганцаардлын тухай яриа
1.Аль ч үед ганцаардаж ганихарсан хүн л амьд явахын утга учир , мөн чанарыг илүүтэй олж харсан байдаг . Ганцаардаж үзээгүй хүн амьдралаас залхсан байдаг юм билээ. Та эргэлзэж болно л доо , <Харин ч олны дунд наргиж , үймж хөгжилдөж яваа хүн амьдралын баяр баясгаланг илүүтэй олж хүртмээр юм > гэж хэлж ч мэднэ . Ихэнх хүн ингэж боддог ч нарийндаа тэр завтай зугаатай хүмүүс амьдралынхаа мөн чанарыг ойлгож чаддаггүй байх нь олонтаа .
Нам гүм өөрөө
айдас юм
Намайг тойрсон
амьгүй бүхэн амилж
Магадгүй миний
биеийг айдас болгоод
Хувцасны минь
гадна гаргаж
Үсийг минь илэх
Үнэрийг минь
сорох
Тийм их айдас юм
Чиний мэдэхгүй
улирал надад байна
Чамд лав
таалагдана байх
Өнөөдөр цаасаар
цас орж байна
Өмнө минь чамд
зориулсан мянган шүлэгтэй
Өчнөөн цаас хаялж
байна
Гишгэхээс ч
хайран юм
Чамайг хайрлах
шиг.
Саахалтын айлыг
нууж манан татахад
Саваагүй жаалууд
эцсийг нь үзэх гэж гэрээсээ төөрнө
Дан тэрлэг шиврээ
бороонд нороход
Даавуун цамцны
цаанаас хөхний товч тодроно
Гэнэн охин
халгайнд гараа түлнэ
Бороонд норсон
болохоор түлэхгүй гэж эндүүрнэ
Хонины бэлчээрт
хайрын түүх бичигдэнэ
Хос залуусын
сэтгэл манантай өдөр л үл түгшинэ
Дурсгаад явсан
ороолт чинь
Дэндүү гоё
Дэндүү хайрлам
байсан ч
Бүх нэхээсийг нь
хөвчихлөө
Хөвсийсөн энэ их
утсаар нь
Хүүдээ бээлий
нэхэж өгье
Ганц хүнд өгсөн
хайр чинь одоо хоёр боллоо
Гайхаж хардах
хэрэггүй бид хүүтэй болсон.
Өрөөний минь
хананд
Өчнөөн хадаас...
Өлгөсөн би бүх
зургаа, бас шүлгээ
Өлгөөд өлгөөд
ахиад цаана нь зөндөө хадаас үлдсэн
Өлгөх юм алга
гээд нэг нэгээр нь авчихвал
Өвдөх л байхдаа
хөөрхий хана
Хана аа өрөвдөх үү?
Хадаас аа өрөвдөх
үү?
Хоюуланг нь
хоосон орхих уу?
Хэн хэнийх нь
хөндүүр
Хэр удаж байж
арилах бол
Өөрийгөө бодох
уу?
Өрөөлийг бодох
уу?
Өө бурхан минь
ахиад нэг хадаас
1
Тэр ногоон цасыг
хар даа гэж хэлээд
Гараараа чи
заасан
Тэр зүгт би
хараад инээсэн
Тэнд ногоон
өнгийн гэрэл байсан
2
Огт ороолт
зүүдэггүй чамд
Өөрийнхийгөө
тайлаад өгчихмөөр санагдсан
Хэрвээ тэгсэн бол
чиний тууштай занг
Миний дураараа
зан эвдэх л байсан даа
3
Ямар гоё цас вэ
гэж
Намайг сөрөх
цасыг хайрлан хэлээд
Өөрийн эрхгүй
амаа ангайчихсан байсан
Хэлэн дээр цас
хаялаад, мэдэрхээс минь өмнө хайлчихсан
Тийм хэврэг тийм
гуниглам юм
Өглөө зүүдэлсэн
зүүд минь
Өвөө нүд анихдаа
юу бодсон тухай байсан
Өтөлж хөгшрөөд
өнхрөөд өгөх ямар байдаг тухай
Өшөө олныг ч
зүүдэлсэн.
Өлгийнөөс уяатай
хонх минь
Өдгөө зүүдэн дунд
жингэнэж
Өндөр уулын
бэлд нь
Өвөөг нутаглуулж
байхыг зүүдэллээ.
Өсөж өндийж
явахдаа би
Өвөлжөөны хөх
чулуунд хэдэн удаа бүдэрсэн тухайгаа
Өвдөг тохойгоо
хичнээн удаа нөхүүлснээ
Өт хайж олоод
Өөр ертөнц рүү
илгээснээ
Өнгөрсөн бүхнээ
бүгдийг нь зүүдэллээ.
Өглөө зүүдэлсэн
зүүд минь
Өвөө нүд анихдаа
юу бодсон тухай байсан
Өвөөгийн бодол л
үхлийн үүдэнд өлгөөтэй байсаар
Өлгийний хонх
жингэнэсэн
Өндийж уудалж үзэв
Өглөө.
Амьдралын анир
Нар алгуурхан
тэнгэрийн хаяа руу захлаад
Навч чимээгүй
моддын хөл рүү урсаад
Нас минь өгсөх
боловч өтлөх зүг рүү займчаад
Найргийн зүрх
онгод минь надаас үе үе холдоод
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт минь
хариултгүй үлдээд байна
Гэрийн сүүдэр
алгуурхан уулын чинээ тэлээд
Гадаа зэлэн дээр
гэрт хувинтай сүүн дээр харанхуй унаад
Цаг хугацаа гэгч
хэлбэр дүрс өнгөгүй урсаад
Цайлган сэтгэлт
өвгөдийн минь цайны өнгө хувираад
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт минь
хариултгүй үлдээд байна
Бие минь бурхны
зүг алхаад
Бодол минь бусдын
зүг урсаад
Бороо намайг
тойрон дуслаад
Би бүхий л
ертөнцөөс тасраад
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт
минь хариултгүй үлдээд байна
Бяцхан анд
Ах бид 2 нохой мууранд хайртай гэж жигтэйхэн хүүхдүүд байлаа. Ах маань энд
тэнд яваа золбин гөлгийг олж ирэх нь их. Аав чимээгүйхэн эр юмуу, эм юмуу гэж
асуугаад эр эм аль нь ч байсан за яахав
хөөрхөн юм тэжээчих гэнэ, харин ээж бол хая муухай юм баас шээс хоол унд нь
хүчрэгдэхгүй хашаагаар нэг хог хөглүүлж, нохой шавуулахын нэмэр гэж эсэргүүцдэг
билээ. Тэглээ ч манайд нохой тогтдоггүй
айл байлаа. Намайг төрөө ч үгүй байхад манайх Алгаа гэдэг том шар нохойтой байжээ.
Тэгээд ээжийн нутаг Говь-алтай аймаг руу нүүх болж өнөөх нохойгоо нутагтаа
орхиод явж л дээ. Хөөрхий тэр нохой маань нүүдэл даган хэдэн км гүйгээд гаслан
хоцорсон гэдэг. Хэдэн жилийн дараа айлчин хийж ирэхэд нь урдаас нь танин гүйж
ирээд нүднээс нь нулимс дуслан их дуугаар гийнан гаслаж урдаас нь цоройн долоож
байсан гэнэ лээ нохой хүнээс ч илүү
санаж бэтгэрдэг, хүн шиг ганцаарддаг амьтан юм.
тэр үедээ их л хөгширчихсөн байж, буцаад явахад нь хэсэг дагаж шогшоод
гийнан хоцорсон гэнэ билээ. Ингээд л манайх монгол нохой тэжээхээр тогтохоо
больчихсон нь алгаагаа маш ихээр гомдоосноос л болсон байх.
Tuesday, April 21, 2015
ИРНЭ. ЭРГЭНЭ.
Их сургуулийн ангид байхаас эхлэн
үерхэж нэг гэрт орсон Баяраа Цэцэгээ хоёр одоо өнгөрсөндөө харамсан аягатай цай
хөрдгийн адилаар улам л хөндий болжээ. Учир нь ангийн уулзалтан дээр Цэцэгээгийн
өмнө нь хайртай байсан залуу түүнийг өдөж хоргоосноос хамаг зүйл ихтэй. Хэрвээ
тэр орой Баяраа хөдөө байдаг аавынх руугаа яваагүй байсан бол Цэцэгээг өмнөх
хайр сэтгэлийн холбоотой залуу өдөж хоргоож, эзгүйчлэхгүй байсан биз. Хэдэн
сарын дараа Баяраа аав болох мэдээг сонсоод чихэндээ ч итгэмгүйгээр баярласан
билээ гэв ч өөртэй нь огтхон ч адилгүй хүүгээ хараад эргэлзэх сэтгэл төрөх
боллоо. Удсан ч үгүй найз нөхдийн дунд
жиг жуг хийх нь чих дэлсэж Цэцэгээ ч элдвээр шалгаах нөхөртөө үнэнийг хэлэхээр
шийдэв. Ингээд бүхнийг мэдсэн Баяраа өхөөрдөн хайрладаг байсан хүүтэйгээ нэг л
хүйтэн хөндий харьцаж эхнэрээ гэх нь ч улам багассаар байлаа. Хэрвээ Цэцэгээг
гэх хайр нь ийм их байгаагүйсэн бол өдийд хоёр тийшээ болох байсан биз.
Өсөлт
Бас зургаан ханатай гэрт яг дээшээ тулаад таардаг байсан шкафан дээрх юмыг
авах гэж сандал тавьж гардаг байсан үе хэзээ билээ. Дараа нь гэнэт л өлмийгөө ч
өргөхгүй хүрдэг болчихсон байсан. Санахгүй юм. Гэнэт том болчихсон мэт. Бүр нүд
ирмэхийн зуурт шүү.
Би цэцэг яг миний нүдэн дээр дэлбээгээ нээж бас хумиж байхыг хараагүй. Ягтүүн
шиг өөрийнхөө өсөлтийг анзааралгүй өнгөрөөчихөж.Одоо ч өнгөрөөж л байгаа...
Сэтгэл санаа бие махбодийн өсөлт эсрэг тэсрэг.
Багадаа би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Тэр үед хамгийн их мөрөөдөж
байсан зүйл минь уруулаа час улаанаар будах, өсгийтэй гутал өмсөх, хамгийн гол
нь “том болох” байсан.Харин одоо өсөх тусам мөрөөдөл минь тэлж, томорч
мөрөөдөлдөө тэмүүлдэг болж.
Өсөлт үргэлж өөрчлөлттэй цуг байдаг. Би өснө, өөрчлөгдөнө.
Би энд бие махбодийн бус оюун ухааны өсөлтийн тухай ярих гэж байна.
Манхан шигээ намхан өвөө минь
Би аяга хагалчихлаа. Тэнд өлгийтэй дүү минь цочин уйлж. Энд өвөө өндийж харлаа. Ядаж байхад өвөөгийн будаатай цэнхэр аягыг шүү. Бага балчир насандаа хэдэн аяга хагалсанаа хэн мэдэх вэ. Харин энэ удаад буруу зүйл хийснээ мэдэх болохоор гэмшиж халаглалаа. Айсан харцаар өвөө өөд харахад “Болгоомжтой миний хүү , яах вэаяга хагарах сайн гэдэг юм” гэж тайван хэлэв. Миний айдас түгшүүр хоромхон зуур арилж, зөв юм хийсэн шиг санагдаж ахиад ч аяга хагалчихмаар болж билээ. Одоо бодоход юм бүхэн учиртай байдаг юм хойно өөрийн мэдэлгүй алдаад унагачихсан тэр аяга ч бас учиртай байсан мэт санагдана. Тэр өдрөөс долоо хоногийн дараа өвөөгийн бие чилээрхсээр бурхны замд одсон билээ. Намрын сүүл сар байсан болохоор сургуулийн хүүхдүүд цуглан би гэррүүгээ харьсан байсан юм. Нүд аних өдрөө өвөө хэнтэй ч үг дугараагүй гэдэг. Миний бодлоор өвөөгийн толгойд өчнөөн мянган бодол хөвөрч байсан байх. Магадгүй миний ирээдүйг ч зөгнөн бодсон байж болох юм. Хэрвээ тэгсэн бол тэр бодол хамгийн сайн сайхан бүхнийг зөгнөсөн байх, хэрвээ тийм бол би тэр бодлыг нь биелүүлэхийн төлөө амьдрах учиртай.
Аавынхаа үргэлжлэл...
Аавынхаа мээмийг хөхдөг юмуу даа. аавтайгаа ямар адилхан
юм бэ?, би л нэг Гомбоогийн хүүхэд гэсэн шиг зан гаргах юм, пээх уйлхаараа ямар
муухай царайтай болдог юм бэ? Яг аавынхаа залуугийн зураг шиг, Охин Гомбоо...
Энэ мэтчилэн аав бид хоёрын адилханыг гайхах хүмүүс олон.
Ингэж хэлэх бүрт нь аав намайг улам их хайрладаг юм.Намайг бас Ванданлхамын
хүүхэд гэнэ. Яагаад гэвэл аав уургамчилхаараа
“Ээ ванданлхам минь” гэнэ, бурхан сахиусын л нэр байх . Айлд орохоороо
тавагнаас нь чихэр аваад өөрөө идэлгүй өвөртөлчихнө. Тэгээд ах эгчээс нууж
надад өгнө, би ч аваад сурчихсан гар баригдана гэж гонж шүү дээ. Хэнз юм гээд
өмөөрнө, эрхлүүлнэ, гэрийнхэн дотроос
намайг гэдэг ганц хүн нь аав минь байсан. Харин одоо том болох тусам бид 2-ын
харьцаа хөндийрөөд байх шиг санагдах юм. Магадгүй би аавдаа эрхлэхээ больж, тэг
ингэ гэж заах нь элбэг болсоноос тэр байх.Хүн аав ээжээсээ хол байхаараа л их
юм бодох юм. Тиймээс аавдаа зориулж хөрөг бичихээр шийдсэн билээ.
Thursday, April 2, 2015
Ижийгүй өнгөрөөсөн зун
Анир чимээгүй алгуурхан холдоно, ижий
Алс битүүхэн аяндаа жижигрэнэ, ижий
Цагийн цохилоо ижийн минь насыг зөөнө
Цангасан дэлхий мөддөө эх хүнээр дутна
...
Тэмдэглэлийн хуучин дэвтрээ сөхөн суутал эл мөрүүд нүдний өмнө туслаа. Үл мэдэг
зүйлсийг ч сонордох хурц хирнээ, хайрыг онож мэддэггүй хөхөмдөг нүдээрээ охин
нь дахин дахин гүйлгэж уншлаа. Тэр нэгэн зуны дурсамж ийнхүү сэдэрч тэмдэглэл юугаан
бичиж сууна.2012 оны зуны эхэн сар налайсан ногоон зүлгэн дээр манайх гэрээ
барьж төвийн айлуудын адилаар лаагартаа буулаа. Сонгуулийн жил байсан тул
оройд бүжиг таанз болж өдөр нь цагаан хоолой барьсан машинтай хэсэг бүлэг
хүмүүс ямар нэгэн зүйлийн тухай зарлаж харагдана. Сонгуулийн ажилд олон хүмүүс
орж бараг айл бүрээс зоолттой нэг хүн нэр дэвшигчдын сурталчилгаанд явдаг
байсан юм. Манайхаас ч бас ээж Батцогт гэх нэр дэвшигчийн сурталчилгааны ажилд
орлоо. Өдрийн 20000 ч билүү тэр үедээ нилээн гайгүй цалинтай л байсан
санагдана. Нэг ёсны амьд рекламчид юмуу даа. Ингээд аав адуугаа хариулж би үхэр
тугалаа нийлүүлэхгүй гэж нааш цааш гүйсээр сар гаруй байлаа. Ээж өглөө эртээ
босож үнээгээ сааж сүүгээ хөөрүүлчихээд 10 цаг өнгөрөөгөөд ажилдаа явна.
Орой ээжийн ирэхийг дөхүүлээд аав бид 2 урд довцог дээрээ гараад дуран
тавиад суучихна. Өдөржин аавтай байх уйтгартай элдэв сонин хачин ярихаар урдаас
тоглоом шоглоом болгоод ер тоохгүй харин ээж бол өө тиймүү гэж дэмжээд тун
аятайхан байдаг билээ. Ашгүй 6 сарын сүүлээр сонгууль ч дууслаа Элбэгдорж
ерөнхийлөгч болж Ховд аймгаас ээжийн ажиллаж байсан тойргын Бямбацогт Батцогт
гэх 2 гишүүн сонгогдлоо. Тэр оройдоо л найр наадам болж гишүүдийн баярыг
тэмдэглэх юм болов. Нилээн хэдэн хониор хорхог хийж идэж уух чихэр боов их ихээр
нь авчирч Батцогт гишүүн нийт дэмжигчдээ дайлсан гэнэ. Сурталчилгааны хуудас
тараахад авахгүй би өөр намынх, дэмжихгүй гэж эсэргүүцэж байсан хүмүүс
тэр цайллаган дээр ирчихсэн хоол идэн архи ууж баяр хүргэе гэж олны дундуур
зүтгэж байх юм гэнэ.Шарыг харан шарваж улааныг харж урвагчид олон байх юм даа.
Маргааш өглөө нь 7.1 байсныг би тодхон санадаг юм. Энэ өдөр манайх ээж завтай болсон болохоор гүүгээ барья гэж өдөр харсан билээ. Аймгаас ах эгч нар ирж цай цүү уун сонгуулийн сонин сайхан ярилцаад ажилдаа гарцгаалаа. Ах адуугаа хурааж ирэхээр явж, аав хүргэн ахтай зэлээ татаж, ээж эгч 2 унаганыхаа ногтнуудыг сэлгэж янзлаад дуусаж байлаа. Би отгон хүүхдийн дархан эрхээ эдэлж цай уун, элдэв юм ярьж урьд урьдны жилүүдийн дурсамжийг сөхөн , ээжийг нэгэн зант бор гэдэг хэзээний л ааш нь засардаггүй гүү тангарч байсан тухай, эгчийн барьж байсан эмнэг байдсан гүү тохойг нь өмөртөл хазсан тухай хуучлан ам хуурайгүй суулаа. Ингээд гадаа адуу янцгаах дуунаар бид гарцгаав. Ээж амандаа маани уншин\ээжийн аав лам хүн байсан\ аав уугиулсан арцны угалзарсан гоёмсог утаанд хазаар ногтоо ариулав. Иссэн айрагны хөөс шиг бор зүсмын\цагаан өнгөтэй\ омголон адуунууд зэлэн дээр тогтож ядна. Хамгийн ууган унагыг аав зааж ах ухасхийж бугуйл шидэв. Эхээс гараад салхинаас өөрийг толгойдоо хүргээгүй унага янцгаан тонгочиж ах чихдэн дарахад ээж ухасхийн ногт углав. Зарим унага гуяа даган шээс нь савирч хөх мах нь чичирч харагдана. Гэнэтхэн аавийн орилох дуу хадаж тэр зүгт харвал ээж газарт хөлөө барин сууж байлаа.айх гайхах зэрэгцэн гүйн очвол ээжийг унага чагталж байхад хажууд нь тонгочиж байсан чагттай унага хөлөн дээр нь хамаг биеэрээ уначихжээ. Ээжийн минь хөл нахилзан яг л миний уурлан байж хугалдаг нойтон харгана шиг нүд халтирам харагдлаа. Бүх юм нулимсан дунд эрээлжилж ээждээ ойртож ч чадахгүй салганаж байхдаа яагаад ч юм бурхан тэнгэрт л хамгийн их гомдож байсансан. Магадгүй ээжийг минь бидний төлөө амьдралын төлөө дэндүү их хөдөлмөрлөж байсан болохоор амраг гээд суулгачихсан ч байж болох юм. Хожим тэсвэр тэвчээрийн оргил нь ээж минь гэдгийг ойлгосон доо. Тэр үед ёолох нь байтугай намайг тайвшруулж битгий уйл миний охин, чиг тавих мод аваад ир гэртээ ороё гэж байж билээ.Ингээд ээж эмнэлэг бараадан ахиад л аав бид 2 үлдэх нь тэр. Надад бүр ч их хариуцлага ноогдож үхэр саах цагаан идээ хийх ажил нэмэгдэв. Намарших тусам үхэр оройтож ирэх нь ихсэж бүр сүүлдээ шөнө ирнэ. Хэдэн өглөө босож чадахгүй нойрмоглоод сүүлдээ дасчихаж билээ. Өглөөд ээжийн яндан хөөлөх дууг орондоо хэвтээд сонсох даанч сайхан байдагсан. Бороотой өдөр уламжлал юм шиг хийдэг борц хөвүүлсэн банштай цайг тэр зун л нээг их санаж билээ. . Өглөө болгон ганцаараа үнээгээ сааж нойрмоглон байхдаа ээжийгээ эдгэхээр заавал эрт босож тугал ивэлгэж өгнө дөө гэж бодолдоо сүлнэ. Бие ухаан жигдэрч том болсон хэдий ч ээжийгээ дулаан хөнжилд нь амруулж, бүлээн цайг нь халааж өгөн, халамжлахын оронд өчүүхэн залхууд хөтлөгдөн, өглөө босож өгсөн нь нэг ч үгүй байжээ. Үүрийн жин хүйтнээр өндийн босч хөхүүлэн, өвөл зуны улиралд өсгөхийн төлөө зүтгэж ирсний ачийг нь хайхралгүй өдий хүрснээ тэгэхэд л ойлгосон юм.
СУИС РТМУС-ын Сэтгүүлчийн 2-р ангийн оюутан Г.Бадам

Subscribe to:
Posts (Atom)