Tuesday, April 21, 2015

Өсөлт



Би үсээ ийм урт ургасныг хэзээ анзаарлаа.
Бас зургаан ханатай гэрт яг дээшээ тулаад таардаг байсан шкафан дээрх юмыг авах гэж сандал тавьж гардаг байсан үе хэзээ билээ. Дараа нь гэнэт л өлмийгөө ч өргөхгүй хүрдэг болчихсон байсан. Санахгүй юм. Гэнэт том болчихсон мэт. Бүр нүд ирмэхийн зуурт шүү.
Би цэцэг яг миний нүдэн дээр дэлбээгээ нээж бас хумиж байхыг хараагүй. Ягтүүн шиг өөрийнхөө өсөлтийг анзааралгүй өнгөрөөчихөж.Одоо ч өнгөрөөж л байгаа...
Сэтгэл санаа бие махбодийн өсөлт эсрэг тэсрэг.
Багадаа би их мөрөөдөмтгий хүүхэд байсан. Тэр үед хамгийн их мөрөөдөж байсан зүйл минь уруулаа час улаанаар будах, өсгийтэй гутал өмсөх, хамгийн гол нь “том болох” байсан.Харин одоо өсөх тусам мөрөөдөл минь тэлж, томорч мөрөөдөлдөө тэмүүлдэг болж.
Өсөлт үргэлж өөрчлөлттэй цуг байдаг. Би өснө, өөрчлөгдөнө.
Би энд бие махбодийн бус оюун ухааны өсөлтийн тухай ярих гэж байна.

1
Аливаа хүн эрдэм мэдлэгтэй болох тусмаа энгийн зүйлээс гайхамшигийг олж хардаг аж.
2014 оны намар “Яруу найрагчтай уулзах цаг” уулзалтаарЯруу найрагч Тангадын Галсан, Цогдоржийн Бавуудорж нарын  Ховд аймгийн 7-р сургуулийн багш сурагчидтай хийсэн  ярилцлага их л энгийн чөлөөтэй байжээ. Ярилцлагийн төгсгөлд  Галсан гуай Монгол улсынхаа  хоёр дахь сүлд дууг дуулья хэмээн гараа зүрхэндээ авч  бүдүүн хирнээ хүүхдийнх шиг хоолойгоор “Маамуу нааш ир дуу”-г дуулсан гэнэ. Хүүхдүүд эхэндээ гайхаж байсан ч сүүлдээ бөөнөөрөө дуулсан тухай эгч минь ярьж билээ. Хүүхдийн дуу гэх тодотголтой хүн бүрийн оюун ухаанд үүрд байдаг энэ дууны утга нь  сүүлд бодоход их өргөн байжээ. Хүн агуу болох тусмаа агуу зүйлийг энгийнээс олж хардаг.Зөв өсөлт энгийн байдаг.
2
Өөдлөн дэвжиж, өсөн хөгжихийн чин хүслийн мөнхийн ундарга нь өөдрөг сэтгэл юм” гэж Ерөнхийлөгч асан Н.Багабанди “Титэм үг” номондоо хэлжээ. Тиймээ багшийнхаа ёстой сайн байна, гоё бичжээ гэсэн урмын үгээр цэнэглэгдэж анх шүлэг бичих урам орж  билээ. Тэр үеэс хойш миний шүлгүүд ч бас намайг дагаад өсөж том болжээ.
“Ногоон хавтастай миний ном
Номхон хээрийн зурагтай ном
Ноомой даруухан хүүгийн тухай
Номолж гардаг миний ном” хэмээн бага  ангидаа шүлэглэж “шүлэгч”охин нэрийг зүүж явсан би одоо
“Миний сэтгэлийн гүн дэх цагаан шүхэрт залуу минь
Мянга мянган дусал нулимсанд минь норооч
Сормуусны минь будаг урсах шалтгаан минь” гээд хайр дурлал бичдэг болжээ. Хүн хүндээ урам өгч, дэмжин тусалвал хүний өсөлт үргэлжид өөдөө тэмүүлэх болно.
Хүнөсөж хөгжих тусмаа өөррүүгээ өнгийх нь их болдог бололтой.
Амьдралын зан чанарыг таньж мэдэх гэж, амьдралтай найзалж нөхөрлөх гэж, амьдралд дурлаж хайрлуулах гэж БИ амьдарч байна.
Амьдралаас сайхныг нь олох гэж, аз жаргалаа бүтээх гэж БИ өссөөр байна.
Миний өсөлт хаа хүрээд зогсохыг хэн мэднэ.
Магадгүй
Үс минь цайж өтлөх цагт үсээ хэзээ урт ургасныг санах, хэн байснаа ухаарах...
Эмгэн болж жижгэрэхийн цагт сандал тавьж шкаф өөд зүтгэх, хэзээ тийм жижигхэн байснаа санах...
Өсөлт өөрөөр минь дуусах тэр цагт...

Соёл урлагийн их сургууль
Радио телевиз медиа урлагийн сургууль
Сэтгүүлчийн 2а ангийн оюутан Гомбосүрэнгийн Бадам



1 comment:

  1. хэзээ д л бэлэн байдаг шүү. хэн нэгний нулимсыг арчихад...
    хавар шиг энгийн шүү дээ. энэ....

    гэнэт ингэж бичмээр санагдлаа. сайхан бичжээ. эхлэл төгсгөл бүр гайхалтай сайхан .

    мундаг найрагч, сэтгүүлч болоорой.

    ReplyDelete