Аавынхаа мээмийг хөхдөг юмуу даа. аавтайгаа ямар адилхан
юм бэ?, би л нэг Гомбоогийн хүүхэд гэсэн шиг зан гаргах юм, пээх уйлхаараа ямар
муухай царайтай болдог юм бэ? Яг аавынхаа залуугийн зураг шиг, Охин Гомбоо...
Энэ мэтчилэн аав бид хоёрын адилханыг гайхах хүмүүс олон.
Ингэж хэлэх бүрт нь аав намайг улам их хайрладаг юм.Намайг бас Ванданлхамын
хүүхэд гэнэ. Яагаад гэвэл аав уургамчилхаараа
“Ээ ванданлхам минь” гэнэ, бурхан сахиусын л нэр байх . Айлд орохоороо
тавагнаас нь чихэр аваад өөрөө идэлгүй өвөртөлчихнө. Тэгээд ах эгчээс нууж
надад өгнө, би ч аваад сурчихсан гар баригдана гэж гонж шүү дээ. Хэнз юм гээд
өмөөрнө, эрхлүүлнэ, гэрийнхэн дотроос
намайг гэдэг ганц хүн нь аав минь байсан. Харин одоо том болох тусам бид 2-ын
харьцаа хөндийрөөд байх шиг санагдах юм. Магадгүй би аавдаа эрхлэхээ больж, тэг
ингэ гэж заах нь элбэг болсоноос тэр байх.Хүн аав ээжээсээ хол байхаараа л их
юм бодох юм. Тиймээс аавдаа зориулж хөрөг бичихээр шийдсэн билээ.
Аав наанаа хатуу ч цаанаа их эмзэг хүн Жинжиймаа-г үзээд уйлна, ядарсан хүнийг
өрөвдөж хоол унд барьж гүйнэ, нялх гөлгийг эр эм гэхгүй аваад л ирнэ, гудманд
яваа хувцас хунар муутай ядруухан айлын хүүхдийг дуудаж ирээд хоол өгч ахын
багадсан хувцас хунарыг өгнө. Таньж мэддэг хүнийхээ сайн явааг дуулаад овоо доо
хөөрхий минь гэнэ. Аавийгаа ингэж хэлэх
бүрт нь хүн бүр нэгнийгээ ингэж сайн сайхнаар боддог байгаасай гэж хүсдэг юм...
Миний аав Завхан аймгийн Дөрвөлжин суманд 1959 онд
төрсөн. Сүрэнхүүгийн Гомбосүрэн гэх эгэл нэгэн билээ. Ээжээрээ овоглодог тэндээ өсөж өндийсөн, айл гэр зохиосон, манайх нилээн олон жил аавын
нутагт амьдарч байгаад, ээжийн нутаг Говь-Алтай аймаг руу нүүж хэдэн жил болоод
Ховд аймагт суурьшиж тэндээ тогтсон юм. Аав ээж хоёрын нутаг руу явахад аль аль
талдаа гурав гурван сум дайрч очдог юм. Их сонин шүү.
Аав ойрын хэдэн жил нутаг руугаа яваагүй болоод ч тэр үү “ай
завхан гоол” гээд л дуулах нь их болсон байна лээ. Нутгаа л санаснийх болов уу даа.
Аав их цэвэрч нямбай хүн хөдөөнөөс тоос шороо болсон хувцастай хүн орж ирүүт л мэнд мэдээд шууд л
наад хувцсаа гөв, гутлаа тайл гээд л эхлэнэ. Хөдөөний залуусыг заваан балиар,
арчаагүй гээд л үглэнэ шүү дээ. Аав минь их үглээ хүн бүр ээжээс ч
илүү үглээ гэхэд хилсдэхгүй. Гэхдээ үг бүр нь үнэн байдаг юм. Сүүлдээ аавыг
байхгүй үед үглэж загнахыг нь ч санаад байх шиг. Аав намайг бага ангид байхад
хөдөө гадаа явах нь их байлаа. Нэг удаа би багшийгаа дуудах гэж байгаад “ааваа”
гээд дуудчихаж билээ. Ашгүй ангийнхан
маань үймүүлээд хэн ч анзааралгүй өнгөрсөн. Аавийгаа санаад л байсан юм байлгүй.
Аавыг хүн муу хэлэх гэх юм бол хөгшин залуу хамаагүй уурлаж цэхэлзэнэ, тэгээд
хүмүүс Гомбоогийн бага шар аюултай гэнэ. Манай аав миний үгэнд хэзээд ордог
“миний бага ээж” ёстой нэг айхтар хүн шүү гээд л намайг явуулна. Хүн ер нь
хөгширхөөрөө үр хүүхдийнхээ үгээр болж аяыг нь хардаг болдог байх. Омголон
зантай аав минь өдөр ирэх тусам улам дуу муутай болж, нуруугаа үүрэн дурангаа
барьж алхах нь их болж дээ. Сэтгэлийн хөөрөл, өрөвч уяхан зан, яхир ярдаг ааш,
өндөр нуруу, бүр айлын эрх хүүхдийг
загналгүй өнгөрч чаддаггүй занг нь хүртэл
би яг хуулчихсан.
Одоо аав минь миний тухай бодож байгаа байх. Намайг
санаж, миний төлөө сэтгэлээ чилээн суугаа байх, яагаад гэвэл би аавийгаа санаж,
аавийнхаа амьдралын тизийг яаж сунгах вэ?,
дуусахаас нь өмнө яаж жаргаах вэ гэж ухаанаа чилээн сууна. Аав бид хоёр гарын алга ар хоёр
юм, нэгэн судсаар холбогдож нэг нэгнээ тэврэх атгасан гар юм.
Би аавийнхаа
үргэлжлэл юм ...
No comments:
Post a Comment