Өглөө зүүдэлсэн
зүүд минь
Өвөө нүд анихдаа
юу бодсон тухай байсан
Өтөлж хөгшрөөд
өнхрөөд өгөх ямар байдаг тухай
Өшөө олныг ч
зүүдэлсэн.
Өлгийнөөс уяатай
хонх минь
Өдгөө зүүдэн дунд
жингэнэж
Өндөр уулын
бэлд нь
Өвөөг нутаглуулж
байхыг зүүдэллээ.
Өсөж өндийж
явахдаа би
Өвөлжөөны хөх
чулуунд хэдэн удаа бүдэрсэн тухайгаа
Өвдөг тохойгоо
хичнээн удаа нөхүүлснээ
Өт хайж олоод
Өөр ертөнц рүү
илгээснээ
Өнгөрсөн бүхнээ
бүгдийг нь зүүдэллээ.
Өглөө зүүдэлсэн
зүүд минь
Өвөө нүд анихдаа
юу бодсон тухай байсан
Өвөөгийн бодол л
үхлийн үүдэнд өлгөөтэй байсаар
Өлгийний хонх
жингэнэсэн
Өндийж уудалж үзэв
Өглөө.
No comments:
Post a Comment