Нар алгуурхан
тэнгэрийн хаяа руу захлаад
Навч чимээгүй
моддын хөл рүү урсаад
Нас минь өгсөх
боловч өтлөх зүг рүү займчаад
Найргийн зүрх
онгод минь надаас үе үе холдоод
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт минь
хариултгүй үлдээд байна
Гэрийн сүүдэр
алгуурхан уулын чинээ тэлээд
Гадаа зэлэн дээр
гэрт хувинтай сүүн дээр харанхуй унаад
Цаг хугацаа гэгч
хэлбэр дүрс өнгөгүй урсаад
Цайлган сэтгэлт
өвгөдийн минь цайны өнгө хувираад
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт минь
хариултгүй үлдээд байна
Бие минь бурхны
зүг алхаад
Бодол минь бусдын
зүг урсаад
Бороо намайг
тойрон дуслаад
Би бүхий л
ертөнцөөс тасраад
Амьдрал
аниргүйхэн өрнөөд
Асуулт
минь хариултгүй үлдээд байна
No comments:
Post a Comment