Tuesday, April 21, 2015

Манхан шигээ намхан өвөө минь


Би аяга хагалчихлаа. Тэнд өлгийтэй дүү минь цочин уйлж. Энд өвөө өндийж харлаа. Ядаж байхад өвөөгийн будаатай цэнхэр аягыг шүү. Бага балчир насандаа хэдэн аяга хагалсанаа хэн мэдэх вэ.  Харин энэ удаад буруу зүйл хийснээ мэдэх болохоор гэмшиж халаглалаа. Айсан харцаар өвөө өөд харахад “Болгоомжтой миний хүү , яах вэаяга хагарах сайн гэдэг юм” гэж тайван хэлэв. Миний айдас түгшүүр хоромхон зуур арилж, зөв юм хийсэн шиг санагдаж ахиад ч аяга хагалчихмаар болж билээ. Одоо бодоход юм бүхэн учиртай байдаг юм хойно өөрийн мэдэлгүй алдаад унагачихсан тэр аяга ч бас учиртай байсан мэт санагдана. Тэр өдрөөс долоо хоногийн дараа өвөөгийн бие чилээрхсээр бурхны замд одсон билээ. Намрын сүүл сар байсан болохоор сургуулийн хүүхдүүд цуглан би гэррүүгээ харьсан байсан юм.  Нүд аних өдрөө өвөө хэнтэй ч үг дугараагүй гэдэг. Миний бодлоор өвөөгийн толгойд өчнөөн мянган бодол хөвөрч байсан байх. Магадгүй миний ирээдүйг ч зөгнөн бодсон байж болох юм. Хэрвээ тэгсэн бол тэр бодол хамгийн сайн сайхан бүхнийг зөгнөсөн байх, хэрвээ тийм бол би тэр бодлыг нь биелүүлэхийн төлөө амьдрах учиртай.

Миний аавын аав Мягмаржав  1926 онд Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг “цагаан булан” гэдэг газар малчин ард Гэндэнгийн том хүү болон мэндэлжээ.  Өвөө их мэдлэгтэй хүн, “эрдэмтэй хүн даруу” гэдэг үг түүнд яг зохино. Нутгийн ард олон Уньдаа гэж авгайлдаг.Өвөө минь  бага насаа эцэг эхийн гар дээр гэрээр монгол бичиг, төвд хэл суралцаж, буддын ухааны ном, сурах бичгийг бие дааж эзэмшсэн гэдэг. Хэдий түүнээс төрсөн 3 хүүхэд нь түүний дайтай эрдэм боловсролгүй ч аавынхаа амьдралын ухааныг өвлөсөн санагддаг.  1960- 1980 он хүртэл нутагтаа багийн даргын алба хашиж байгаад 1980 оноос хойш Таван толгой бригадын түүхий эдийн эрхлэгчээр нэр төртэй ажиллаж , 1990 оноос улс даяар ардчилал ялж, мал аж ахуй хувьчлагдах үед өвөө маань бусдын адил мал маллан хөдөө гарсан байна. 1965 онд нутгийн хөгшин Сэрдамба гуайн охин Сүрэнхүүтэй гэр бүл болжээ. Тэр бол миний эмээ ажилтай чиг, амтайчиг хөгшин байсан. Нутгийн ард олон Үнгүү гэнэ. Надад эмээ өвөө хоёрын маань энэ нэрнүүд их л муухай санагддаг байж билээ. Харин одоо бол хамгийн зөөлөн дотно нэр байдаг болж дээ. Өвөө маань урьд нь амьдрал зохиож явсан боловч ханиа зуурдаар алдсаны улмаас гурван хүүхэдтэй өнчирч үлджээ. Эмээ минь бас өмнөх амьдрал нь бүтэлгүйтэж  гурван  хүүхэдтэйгээ амьдардаг байсанбөгөөдхоёр талаасаа сэтгэл нийлж, хамтарч амьдрах болсон байгаа юм. Тэгэхээр өвөө бол миний аавын хойд аав гэсэн үг л дээ. Хэдийгээр надтай цусаар холбогдоогүй ч оюун ухаанаараа үүрд холбоотой байх өвөө минь эцэг шиг эцэг, өвөө шиг өвөө байсан юм. Өвөө бид хоёрт тийм гэх дурсамж байдаггүй ч миний өвөөгөө гэх хүндлэл өвөөгийн намайг гэх хайр хоёр эн тэнцүүхэн, элбэг байсан юм.Миний өвөө их намхан майга  хүнмагадгүй манхан өөдөө мацаж  мал ахуй алсын барааг ширтсээр хөл нь дугуйрсан байх. Өвөөгийн хамар их л сонин сэтэрхий, би гайхаж асуухад өвөө нь мотоциклтой зээр хөөж яваад хамраа авчихсан юм гэнэ. Бас  мах идэхээрээ нүдээ аньчихна нэг харж огтлоод нэг аньж жажилаад л ясыг бол мөлчийтөл нь мөлжөөд тавьчихна шүү дээ. Тэрийгнь миний аав яг дуурайчихсан ямар сайндаа л ээж “та нар ядаж энэ аавийнхаа яс мөлжидгийг нь дуурайгаач” гэнэ. Монголчууд амны хишиг барагдана гэж ярьдагтай л их холбоотой болов уу. Тэр үед ч бас хойд эцэг хүүгийн харьцаа ан цавтай байж. Аав хонинд явахаараа хээр гараад унтчихдаг бараг л хонь нь эзнээ хариулдаг байсан шиг байгаа юм. Тэгээд өвөө өөрөө хониндоо явж аавын ажлыг гүйцээдэг байсан гэж эмээ ярьдаг юм. Урдаас нь хэдэрлэж хэрэлдсэн ч тайван тогтуун байдаг өвөө минь хойд эцгийн хахир хатуу ааш гаргаж байсан удаа байдаггүй байжээ.Нутаг орондоо уясан морь нь айрагдах нь элбэг “уяач” гэдэг үг нэрнийх нь өмнө үргэлж хамт хэлэгддэг хүн байсан юм. Өвөөгийн минь тухай яриач гэж нутгийн хүнээс сонирхоход манай Уньдаа чинь ёстой намбайгаад л сууж байдаг хүн байсан даа. Монгол архинд нугасгүй дуртай ууна чиг дуулана чиг харин ч нэг хань ижилдээ гар хүрдэггүй уурын мунхаггүй хүн дээ гэнэ. Бас уулга алдалт нь “ээ хүрэнхайрхан минь” , өвөөг ингэж хэлэхээр л нүдэнд нээх том уул харагддагсан.
Хүн хөгширхөөрөө чихрэнд дуртай болдог шиг байгаа юм. Эмээг авдраа уудлахаар өвөө бид хоёр зэрэг ухасхийнэ шүү дээ. Эмээгээр архи уулаа, хүний өөдөөс олигтой үг хэлж чадахгүй гээд загнуулсан ч инээгээд л сууж байдаг хүний хайр татам хүн байсан даа.
Би өвөөгийнхөө аягыг хагалсан даа их харамсаж явдаг юм. Гэхдээ өвөөгийнхөө намайг гэх сэтгэлийг нь хагалаагүй болохоор нүд аних өдрөө бодсон бодол бүхнийг нь миний төлөө байсан гэж итгэж явдаг юм.

СУИС  РТМУС   Сэтгүүлч 2а Г.Бадам

No comments:

Post a Comment