Monday, April 27, 2015

Бяцхан анд

Ах бид 2 нохой мууранд хайртай гэж жигтэйхэн хүүхдүүд байлаа. Ах маань энд тэнд яваа золбин гөлгийг олж ирэх нь их. Аав чимээгүйхэн эр юмуу, эм юмуу гэж асуугаад эр эм аль нь ч байсан  за яахав хөөрхөн юм тэжээчих гэнэ, харин ээж бол хая муухай юм баас шээс хоол унд нь хүчрэгдэхгүй хашаагаар нэг хог хөглүүлж, нохой шавуулахын нэмэр гэж эсэргүүцдэг билээ.  Тэглээ ч манайд нохой тогтдоггүй айл байлаа. Намайг төрөө ч үгүй байхад манайх Алгаа гэдэг том шар нохойтой байжээ. Тэгээд ээжийн нутаг Говь-алтай аймаг руу нүүх болж өнөөх нохойгоо нутагтаа орхиод явж л дээ. Хөөрхий тэр нохой маань нүүдэл даган хэдэн км гүйгээд гаслан хоцорсон гэдэг. Хэдэн жилийн дараа айлчин хийж ирэхэд нь урдаас нь танин гүйж ирээд нүднээс нь нулимс дуслан их дуугаар гийнан гаслаж урдаас нь цоройн долоож байсан гэнэ лээ нохой хүнээс ч  илүү санаж бэтгэрдэг, хүн шиг ганцаарддаг амьтан юм.  тэр үедээ их л хөгширчихсөн байж, буцаад явахад нь хэсэг дагаж шогшоод гийнан хоцорсон гэнэ билээ. Ингээд л манайх монгол нохой тэжээхээр тогтохоо больчихсон нь алгаагаа маш ихээр гомдоосноос л болсон байх.
Ах олж ирсэн паацгар жаахан,  унтамхай гөлгөө харах үүрэг надад өгнө.  Харин хойд хөл дээр нь зогсоож сургах, бос суу гэхэд дагаж хийдэг болгох ажлыг  ах өөрөө гардан гүйцэтгэнэ.  Гэвч би гэж бүтэлгүй хүн өнөөх гөлгөө алдчихна. Тэгээд л ахаар загнуулдаг юм. Одоо бодоход ах гудамны хүүхдүүдэд гөлгөө гайхуулдаг байснаас л атаархсан нэг хүүхэд нь авчихдаг байсан байх. Энэ мэтээр  4 нүдтэй 2,3 эр гөлгийг нь алдаж байсан санагддаг юм. Бас сүүлд нохой устгалын үеэр 2 нохойгоо алдаж түүнээс хойш нохой тэжээх сонирхолгүй болж билээ. 2004 онд ахын ангийн хүүхдийнх казакстан нүүхээр болж манайд бомби гэх охин хав нохойгоо үлдээв. Тэр үед жаахан  сагсгар цагаан гөлөг ирж байсан санагдана. Манайх хөдөөнөөс нүүж ирээд удаагүй байсан тул надад энэ буржгар цагаан үстэй товчин хар нүдтэй эгдүүтэй амьтан их л сонин байлаа. Ах ч элдэв гөлөг хайхаа больж бид 2 бомбигоо усанд оруулах гадагш гаргахдаа хөлөнд нь оймс углах гээд  гөлгөндөө их л анхаарал тавьдаг болов. Бомби гэдсээ илүүлэх дуртай шөнө хөлөнд ороод хэвтчихнэ. Гадны хүнд дургүй гэж жигтэйхэн цангинасан хоолойгоор архирч гарна шүү дээ. Тэгэх бүрт нь аав жуумалзаж күэ мөн айхтар амьтаан гэнэ.тэр тусмаа согтуу хөлчүү хүнд бүр ширүүн.  Харин ээж дуу чи гар гэж зандрах нь элбэг. Бомби манай нялх хүүхэд шиг л байдаг байлаа хүн бүр эрхлүүлж аман дах хоолоо өгөхийн наагуур юм болно. Эгч цагаан ямбуу авч дэрний уут,  хөнжилний углаа оёхдоо дээр нь бомбигийн зургийг зурж хатгав. Ирсэн өвлөө нохойны маань гэдэс хатуурч томроод хээл авсан байжээ. Өвөл төрөх нь дээ гэж аав таамаглав. Би ч ямар хөөрхөн цагаан гөлөгнүүд төрөх бол доо гэж тэсч ядан хүлээж байлаа. Ээж хүртэл жирэмсэн амьтан өлсдөг биз гэж тусд нь хоол хийж өгдөг болов. Нэг орой бомби бүр нэг л бишээ нааш цааш гийнан гүйж2 хэвтрээ олсон бололтой хэвтээд тэр шөнөө төрөв. Бид нар бөөнөөрөө тойрч суугаад ууган гөлгөө хүлээлээ гадаа айлын жирэмсэн эгч нохой төрөхийг харвал хурдан төрдөг гэсэн гээд бас орж ирлээ. Гэтэл тас хар гөлөг гараад ирэх нь тэр ар араасаа цувран 7.8 гөлөг гарав бүгд хар би бүр гайхаж гүйцлээ.арга ч үгүй биз хашаа давж орж ирээд байдаг хар нохойны л гөлөгнүүд  байх нь гэж бодлоо. Ингээд бомби маань ээж болж гэрт нялх гөлөгнүүдийн шуугилдах чимээ тасрахаа болив. Хөдөө гадаанаас ирсэн хүмүүс нэг нэгээр нь авч явсаар дууслаа. Түүнээс хойш бомби маань бараг жилд 2 гөлөглөдөг болов. Сүүлдээ түүнийг тоодог ч хүнгүй боллоо. Төрж л байдаг, хүн ирээд гөлгийг нь авч л байдаг болов. Түүний хамгийн их хайртай хүн нь би байсан байх. Намайг л дагана. Хичээлд явсан ч тэр. Харин би найзуудаасаа  ичсэндээ “цаашаа яв” гэж хөөнө. Тэгэхээр тэрүүхэндээ харц нь дальдарч эргэж шогшоод, намайг буруу харангуут дахиад л дагаад гүйнэ.  Бид 2 хаврын дулаан цагт амбаарийнхаа орой дээр  гарч суучаад элдэв юм ярина. Бомби их сайн сонсогч байсан юм. Намайг 20-ийн хар чавга өгөхөөр үнэрлэчихээд идэхгүй. Тэгэхээр би нохой ч тоож идэхгүй юманд нугасгүй дуртай байсан шиг байгаа юм. Нэг хавар манай хашаагаар залуухан жижиг цагаан хав үзэгдэх болов. Аав манай хүргэн гээд л их сайн. Гэтэл тэр жил 2 цагаан гөлөг гаргаж би нэг их баярлаж билээ. Манайд 7,8 жил байхдаа гаргах гөлөгнийх нь тоо улам л багасаад байсан. Хүмүүс гөлгийг нь бантанд оруут нь л аваад явчихна. Зарим айл нь хадаг мөнгө өгөөд сүү долоолгоод авдаг байсан.

Нэг удаа бүр бомбигоо ч айлд өгөв. Учир нь манайх хөдөө нүүх болоод машинд аваад явах гэтэл жолооч нь нохой суулгахгүй гэж уурласнаас тэр л дээ. Намар нь ирэхэд нутаг руугаа гүйдэг адуу шиг бомби минь нэг өдөр гүйгээд ирсэнсэн.  Хүн гээч их муухай уйдамхай амьтан байх юм. Харин нохой бол хэзээ ч уйдахгүй улам л ээнэгшин дасч байдаг амьтан. Хөөрхий нохой минь хэрвээ ярьдаг байсан бол хичнээн их гомдоллож уйлах байсан бол доо. Тэр нэг өдөр бомби минь хичээлдээ яваад иртэл байдаггүй   -за оройхон ирэх байлгүй гэтэл бас байдаггүй гэтэл нохой устгалийнхан аваад явсан байжээ. Тэнд нохойнуудыг 2000-3000ийн хооронд худалдаж аваад тогонд цохиулж устгадаг гэж сонсож байсан юм. Гөлгийг бол 500 төгрөгөөр, аргаа барж мөнгөгүй болсон хүмүүс л нохой аваачиж зардаг байсан биз.  Гэтэл энэ чимээгүй гай манай нохойнд иржээ. Аав ээжрүүгээ уурлан одоо арай алаагүй байж магадгүй очиж авья л даа гэж уйлж хайлан бөөн юм болж билээ. Найз минь , гэр бүлийн гишүүнээс өөрцгүй бараг  биднээс ч илүү тэвчээртэй, хэнд ч гай болдоггүй амьтан ийм үхлээр үхчихлээ гэж бодохлоор дотор одоо хүртэл харлаад байдаг юм. Ингээд л манайх гэдэг айл бүр ч нохой тэжээхээ больчихсон доо. Сүүлд бомби минь хэд хэдэн удаа зүүдэнд орж ирэхдээ их л гунигтай,  надаар загнуулдгаасаа ч илүү нүд нь бүүдийж гунигласан байсансан. Багын минь дурсамж, миний үнэнч найз сэгсгэр цагаан нохой минь дээ. 
Г.Бадам

No comments:

Post a Comment